Tuesday, January 17, 2012

Бүлээн цустай байхын учир юу вэ?

Бүлээн цустай байхын учир юу вэ?




Та юм идэхгүйгээр 2 сараас илүү амьд байж чадахгүй. Харин матар нэг жил, бүр түүнээс ч урт хугацаагаар амьдрах чадвартай гэнэ. Яагаад ийм ялгаатай байдаг юм бол? Учир нь та идсэн хоолныхоо ихэнхийг дулаан үүсгэхэд зарцуулдаг байна. Бүлээн цустны буюу дотроосоо халдаг амьтдын эволюци хөгжил нь амьдралын агуу нууцуудын нэг ажээ.



Мэдээж бүлээн цустай байхын ач тус гэж бий. Дулаацах гэж нар луу зүтгээд байхгүйгээр идэвхтэй хөдөлгөөнөөр асуудлыг шийдэх боломжтой.

Гэхдээ л шувууд биеийнхээ температурыг 40 хэмд барихын тулд ихээхэн хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Зарим бүлээн цуст амьтад ижилхэн бие хаатай мөлхөгчдийн сарын хүнсийг нэг өдрийн дотор л зооглочихдог гэнэ.

Стандарт онолоор бүлээн цус идэвхтэй махчин амьтдад бий болсон гэж үздэг. Гэтэл өнгөрсөн жил махчин амьтдад биш харин шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэйгээр өвсөн тэжээлтэн амьтдад үүссэн гэсэн тэс өөр онол дэвшигдсэн байна. Хэдийгээр үүнийг дэмжих эрт байгаа ч энэ онол бидний зарлага ихтэй амьдралыг тайлбарлахаас гадна динозавруудын талаархи асуултад хариу өгч магадгүй юм.

Хөхтөн амьтад болон шувуунд голчлон элэг, тархи гэх мэт дотоод эрхтэн дулаан үйлдвэрлэдэг. Эдгээр эрхтэнүүд нь ихэвчлэн хүйтэн цуст амьтдад байдаг ижил төст эрхтэнүүдээс том байдаг бөгөөд эс нь хоол тэжээлийг шатаах үйлдвэр хэмээгддэг митохондрийг 5 дахин хүртэл олноор агуулдаг байна. Үүний ачаар дулаан үйлдвэрлэл тасралтгүй явагддаг нь хэтэрхий үрэлгэн механизмд тооцогддог ажээ. Гэтэл зарим амьтдын биемахбодь дулаан үйлдвэрлэлийг илүү үр ашигтайгаар зохицуулж чаддаг байна. Жишээлбэл, нэгэн зүйлийн яст мэлхий сэлж байхдаа хуримтлуулсан дулаанаа нөөцөлж, биеийн температураа 10оС буюу далайн уснаас илүү бүлээн байлгахад зарцуулдаг учраас бусад зүйлийн яст мэлхийг бодвол хүйтэн усанд хоол тэжээлээ хайх боломжоор илүү байдаг гэнэ. Сэлэмт загас ангуучлах үедээ нүд, тархи хоёроо л онцолж дулаацуулдаг юм байна. Бүр зарим шавьж хүртэл шаардлагатай тохиолдолд л дулаан үйлдвэрлэдэг ажээ.

Гэтэл яагаад хөхтөн амьтад болон шувууд биеийнхээ дулаан үйлдвэрлэлийг цаг ямагт дээд цэгт нь барьж байдаг вэ? Хамгийн үнэмшилтэй тайлбарыг 30 жилийн өмнө Калифорнийн Их сургуулийн зоологич Алберт Беннет болон Орегон мужийн Их сургуулийн Арван, Жон Рубен нар өгсөн байна. Тэд дотроосоо халах үзэгдлийн эволюцийг биеийн хүчний энергитэй шууд холбоотой гэж үзсэн байна. Бусад амьтадтай харьцуулбал хөхтөн амьтад болон шувууд нь агаарыг ашиглах өндөр чадвартай бөгөөд үүний үр дүнд булчин нь их хэмжээний хүчилтөрөгчөөр тэжээгддэг байна. Ингэснээр идэш тэжээлээ хөөж ангуучлах, өрсөлдөгчидтэйгээ тулалдах зэрэг хүч чадал шаардсан ажлыг урт хугацаанд хийж чаддаг аж. Хэн ч энэ онолыг эсэргүүцсэнгүй. Гэтэл Беннет, Рубен хоёр агаарыг ашиглах энэ өндөр чадварын улмаас байнгын эрчимтэй бодис солилцоо бий болсон гэсэн онол дэвшүүлжээ. Гэтэл ингэж холбож үзэх хангалттай шалтгаан байхгүй байсан тул тийм ч олон хүний дэмжлэгийг авсангүй.

Агаар ашиглах чадвар нь зүрх судасны тогтолцоо болон булчингаас хамаардаг бол бодис солилцооны эрчимжил нь ихэвчлэн тархи болон дотоод эрхтэнүүдтэй уялдаатай байдаг. Зарим хэвлээр явагчдын агаар ашиглах чадвар нь өндөр байдаг боловч бодис солилцооны эрчимжил нь сул байдаг байна. Үүнтэй төстэйгээр зарим хөхтөн амьтад болон шувуудын идэвхгүй буюу ичиж байгаа үед нь биеийнх нь температур буурдаг байна.

Гэвч агаар ашиглах чадварын талаархи таамаглал зөв, буруу эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байна. Дээрх онолуудтай тэрс үзлүүд ч бас байдаг аж. Velociraptor гэх мэт theropod динозавруудын агаар ашиглах чадвар үнэхээр өндөр байжээ. Ихэнх судлаачид тэднийг шувуудын эволюци хөгжлийн нэгэн үе шат гэж үздэг аж. Гэвч тэд дотроосоо халагчид байсан уу? Рубений онолтой дүйж байгаа хэдий ч тэрээр энэ асуултанд үгүй гэж хариулжээ. Тэрээр theropod динозаврууд маш хурдтай, эрч хүчтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бодис солилцооны эрчим нь сул байсан гэж үзэж байгаа юм байна. Динозавруудад хөхтөн амьтад болон шувуудад байдаг шиг эрчимтэй бодис солилцооны үед амьсгалаар дамжиж биеэс ус алдахаас сэргийлдэг хамрын хөндийн яс, мөгөөрснөөс угалзран тогтсон амьсгалын замын суваг байхгүй гэдэг дээр үндэслэн Рубен ийн дүгнэсэн байна.
Нидерландын Экологийн хүрээлэнгийн Марсел Клаассен болон Барт Нолет нар амьтад яаж шаардлагатай төрөл бүрийн шимт бодисыг авч чаддаг болохыг судалдаг аж. Тэдний үзлээр өвсөн тэжээлтэн амьтад уураг бий болоход шаардагддаг азотыг хангалттай хэмжээгээр авч чаддаг эсэх нь эргэлзээтэй. Хэрэв зөвхөн навч иддэг бол их хэмжээний нүүрстөрөгч авахаас биш хангалттай хэмжээний азот авч чадахгүй. Иймд ихэнх өвсөн тэжээлтэн мөлхөгчид шавьж болон жижиг сээр нуруутан амьтдыг зооглож шим тэжээлийн дутагдлаас аврагддаг байна.

No comments:

Post a Comment